Япон улс 80 насандаа 20 шүдтэй байх аяныг амжилттай хэрэгжүүлж байна

Түүний талаар товч танилцуулвал “Зэн” шүдний холбооны үүсгэн байгуулагч, Олон улсын имплант судлаачдын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрөгдсөн эмч, DGZI Германы имплант судлаачдын нийгэмлэгийн Япон дахь төлөөлөгч,  Харвардын Их Сургуулийн имплантын тэнхимийн хүлээн зөвшөөрөгдсөн эмч, Японы имплант судлаачдын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрөгдсөн эмч бөгөөд Японы амны хөндий, имплант судлаачдын нийгэмлэг, мэргэжил дээшлүүлэх газрын хүлээн зөвшөөрөгдсөн дарга, Канагава шүдний их сургуулийн имплантын тэнхимийн багш, “Оратоникс” компанийн албан ёсны имплантын зөвлөхөөр тус тус ажилладаг байна.

Шүдний имплант эмчилгээний түүхэн явц яаж эхэлсэн бэ?

Анх 1986 онд Швед улсад хийгдэж эхэлсэн. Анхны өвчтөн 32 жилийн турш хоол хүнсний зүйлсийг имплантын тусламжтай идэж хэрэглэж байсан юм. Энэ хооронд имплантын технологи улам сайжирч жил ирэх тусам аюулгүй байдал, бат бөх чанар нь нэмэгдсээр ирсэн гэж үздэг. Имплант эмчилгээний тусламжтайгаар дэлхий даяар сая сая  хүмүүс алдсан шүдээ орлуулж гоо сайхны болон зажлах үйл ажиллагаагаа нөхөн сэргээж эрүүл мэнддээ анхаарч байна.

Та шүдний эмчээс өөр мэргэжил эзэмшинэ гэж бодож байсан уу?

Үгүй /инээв/. Өөр мэргэжил эзэмших талаар өмнө нь бодож байгаагүй юм байна. Энэ мэргэжлийг чин сэтгэлээсээ сонгосон учир багаас эхэлж өнөөдрийг хүртэл олон улсын нэршлээр (total healthcare) буюу эрүүл мэндийн цогц үйлчилгээг үйлчлүүлэгч өвчтөнүүддээ явуулж байна.

Япончуудын урт наслалтын нууц нь шүд арчилгаа, эмчилгээ мөн үү?

Япон улсад 80 насандаа 20 шүдтэй байх гэсэн нэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд 2017 оны байдлаар нийт хүн амын 51.2% нь уг зорилгодоо хүрсэн байгаа. 2017 онд эрэгтэй хүний дундаж наслалт 81.09 байсан. Үүнээс 72.14 нас нь идэвхтэй, эрүүл наслалт байсан ба үлдсэн 8.95 насанд нь өвчтэй, хүний асрамжинд байх зэрэг хугацаа ордог. Харин эмэгтэйчүүдийн хувьд дундаж наслалт 87.21 байгаад, үүнээс идэвхтэй эрүүл байх хугацаа нь 74.79 нас бөгөөд үлдсэн 12.42 жилийг өвчтэй, бусдын асрамж халамж доор өнгөрүүлдэг гэсэн судалгаа гарсан юм.

Та  Япон орноос өөр  улсад  эмчилгээ,  мэс засал хийж байсан уу?  

Миний хувьд Японоос өөр улс оронд бие дааж, гардан хагалгаа хийж байсан удаа байхгүй. Гэхдээ мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамрагдаж байх хугацаандаа багш, сургагч нарын хамтаар имплантын 300 гаруй хагалгаанд орж байсан туршлагатай. Имплантын хагалгаа нь бусад шүдний эмчилгээний төрлийг бодвол илүү өндөр ариутгал, тусгай арга техникийн дагуу явагддаг юм. Энэ хагалгааны арга нь өөрийн шүдийг тодорхой шалтгааны улмаас алдаж, шүдгүйдэлтэй болсон хүмүүсийн хувьд өөрийн мэт шүдтэй болох нөхөн сэргээх хамгийн тохиромжтой мэс засал юм.

Хүлээн зөвшөөрөгдсөн имплантыг юугаар хийж байна вэ?

Имплантыг титан хайлшаар хийдэг бөгөөд дэлхий дээр хэдхэн металын харшлын тохиолдол бүртгэгдсэн байдаг. Тиймээс аюулгүй байдлын хувьд санаа зовох зүйл байхгүй. Би имплант эмчилгээнд маш итгэлтэй байдаг болохоор өөрийн эцэг эхэд хийж өгсөн. Манай аав одоо 86 настай, саяхан бүтэн марафонд амжилттай гүйсэн. Ээж минь 78 настай, одоо болтол өөрийн мэргэжлийн ажлаа хийгээд явж байна. Ийм эрүүл саруул байж урт удаан наслах нь имплант хийлгэсэнтэй нь холбоотой.

Гүүрэлсэн шүдний онцлог юу вэ?

Гүүрэлсэн шүдэлбэр нь хажуугийн шүднүүдээс үрж өөлж авах, мөн зажлалтын үед даралтын давхар ачаалал ирж болзошгүй сөрөг тал байдаг л даа. Авагддаг хиймэл, хуванцар хиймэл шүдний хувьд зажлалтын даралтыг буйл, түүшин ясанд өгснөөр ясны шимэгдэлт явагдаж намсахаас гадна, хатуу хоол хүнс зажлаж идэх боломжгүй байдаг. Хатуулгатай хоол хүнс хэрэглэх нь эргээд хүний амьдралын чанар, насжилттай холбоотой байдаг нь судалгаагаар нотлогдсон байдаг. Тиймээс имплантын хамгийн давуу тал болох хатуу хоол хүнсийг идэж болдог нь онцлог юм. Мөн гоо сайхны хувьд үүдэн шүдийг таны өөрийн шүд мэт харагдуулж болдог давуу талтай. Гэхдээ мэдээж энэ эмчилгээ нь бусад төрлийг бодвол өртөг өндөр бөгөөд та заавал хагалгаа хийлгэх шаардлагатай байдаг.

Тэгэхээр хором тутам имплантын эмчилгээ үр дүнтэй болж байна гэж ойлгож болох уу?

Судалгаанаас харахад сүүлийн 10 жилийн имплантын эмчилгээний амжилтын үзүүлэлт нь 98% байгаа. Мөн дэлхий дээр имплант эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн дундаж наслалт болон эрүүл идэвхтэй амьдрах хугацаа уртассан судалгаа байдаг. Гэхдээ мэдээж имплант амжилттай байх үзүүлэлт нь өвчтөний нөхцөл байдал, нөхөн сэргээлтийн явц, имплантын сонголт зэргээс хамаарна. Үүнээс гадна оношилгоо, эмчилгээний төлөвлөгөө гаргах, хагалгааны эрсдэл, хүндэрлүүдийг тооцох зорилгоор СТ зураг авахуулах зайлшгүй шаардалагатай байдаг.

Имплант хагалгаа хийлгэж болохгүй хүмүүст та юу гэж зөвлөмөөр байна.

Ерөнхий биеийн системийн өвчтэй, зүрх судасны өвчтэй, чихрийн шижин өвчтэй, мөн ясны сийрэгжилтийн эсрэг эм хэрэглэж байгаа хүмүүс болон эрүүний ясны хэт шимэгдэл явагдсан, холбоос эдийн архаг үрэвсэлтэй гэх мэт хэсэг газрын хүндрэлүүдтэй бол сайн судлах хэрэгтэй. Би өөрийн өвчтөнүүддээ эмчилгээний өмнө тухайлан уулзаж өөрийх нь эмчилгээний талаарх мэдээллийг ойлгуулж танилцуулдаг. Хэрэв өвчтөн эмчилгээг зөвшөөрсөн тохиолдолд таниулах зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулж авдаг. Сүүлийн үеийн ясны нөхөн сэргээх эмчилгээний дэвшилтэт технологийн тусламжтайгаар туршлагатай сайн мэс засалч эмч нар хэт шимэгдсэн эрүүний ясан дээр имплант суулгаж байгаа. All-on-4 гэдэг эмчилгээний технологи нь бүрэн шүдгүйдлийн үед ч та хүссэн хүнсний зүйлээ идэх боломжийг олгох бөгөөд, хэрэв таны эрүүний яс хангалттай зузаан бол та хагалгаа хийлгэсэн өдрөө хоол идэж уух боломжтой.

Имплант хийлгэсэн үйлчлүүлэгч юу анхаарах ёстой вэ?

Имплантын насжилтын хугацааг уртасгахын тулд та 4 сар тутамд шүдний эмнэлэг дээр ирж цэвэрлэгээ хийлгүүлэх хэрэгтэй байдаг. Хэрэв тогтмол цэвэрлэгээг хийлгүүлэхгүй бол имплант үрэвсэх, тойрон эд үрэвсэх, яс шимэгдэл явагдах зэрэг хүндрэлүүд үүсдэг. Шүд хавирах эмгэгтэй хүмүүст хамгаалалт хийж өгөх хэрэгтэй байдаг. Эмчилгээ хийлгэж дуссанаас 1 сарын дараагаас өөрийн шүд мэт санагдаж эхэлдэг байна.

Ярилцсанд баярлалаа.